Ослын улмаас орон нутагт найман хүний амь хохирчээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 703 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 448 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хүний амь нас хохирсон, хүний биед гэмтэл учирсан 33 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13 хүн, орон нутагт 23 хүн гэмтэж, нийт 36 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 4 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Орон нутагт долоон ослын улмаас найман хүний амь хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган холбогдсон осол 10 бүртгэгдсэн
  • Мотоциклтой осол 1 бүртгэгдсэн
  • Мөргөлдсөн осол 1 бүртгэгдсэн.
  • Унадаг дугуйтай 2 осол бүртгэгдсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 15 осол бүртгэгдсэнээс 8 хүний амь хохирсон. Үүнээс мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байгаад онхолдсон 7 осол бүртгэгдэж, 3 хүний амь нас хохирсон байна.

Улсын хэмжээнд гудамж, замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодох зөрчил, түүний улмаас хүний амь нас хохирол зөрчил анхаарал ихээр татаж байна. Орон нутагт мотоцикл жолоодож яваад онхолдсон зам тээврийн 7 осол бүртгэгдсэнээс 6 нь мотоциклийн жолооч бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Мөн орон нутгийн замд ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид аялал зугаалгаар орон нутгийг зорьж, замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ зөв тээвэрлэж явах, хүүхдийн өсөлт болон биеийн жинд тохирсон хамгаалах хэрэгсэл буюу хүүхдийн хамгаалалтын суудал ашиглаж явахыг уриалж байна. Жолооч, эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг зөрчил хүүхдийг урьд суудалд өвөр дээр суулгаж авч явах, хойд суудалд, эсвэл багажийн хэсэгт ор засч унтуулах зэргээр буруу тээвэрлэж явснаас болж хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Иргэд жолооч нартаа орон нутгийг зорьж, замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 80км/ц-ийн хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явахыг анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *